Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Түүхийн эздийн өөрсдөө ч мэдэхгүй түүх…

Түүхийн эздийн өөрсдөө ч мэдэхгүй түүх…

 

2007 онд “Ням гариг” сонины эрхлэгчээр ажиллаж байхад “Элсний нүүдэл” киноны зураг авалт явж байсан юм. “Монгол ньюс”-ын захирал Ц.Балдорж эрхлэгч маань ажлынхаа бид нарыг командлаад Улаанбаатар зочид буудалд аваачаад тус киноны зураг авалтад оруулав. Олны хэсэгт цэцэг бариад найгаж байхдаа би гол дүрийн бүсгүйг нэлээд ажиглав. Учир нь Нисванисын Амгаа (Манай нөхрийн горшоокны найз. Надтай байнга манай нөхрийг булаалдан үсдэлцэж явдаг нөхөр) тэнд гол дүр бүтээж, хамтран тоглосон хөөрхөн охинтойгоо тайзан дээр дуулж, цагаан хослолтой төгөлдөр хуур дээр тоглож буйг харсан юм. Амгааг ч яахав би нэвт шувт мэднэ. Би түүнд тэнд байгаагаа ч мэдэгдсэнгүй. Харин танхимд уянгалах сайхан хоолойд бүрэн дурлахын ялдамд гол дүрийн бүсгүйн ам барьж буйг анхааралтай ажиглаж байлаа.

Яагаад ч юм тэр сайхан хоолой гол дүрийн бүсгүйнх биш юм шиг мэдрэмж төрөөд байлаа. Тиймээс жинхэнэ дуучин нь над шиг нуугдах дуртай, өөртөө итгэлгүй, зориггүй хэн нэгэн байгаа даа” гэсэн дотно бодолд автаж зогсов. Би ч бас олны хэсэгт зогсож байхдаа саравчтай малгайгаараа нүүрээ сайтар хааж, аль болох хойхнуур л зогсож байлаа. Амгааг ч намайг таничихаад орилоод хүрээд ирнэ гэдгээс төвөгшөөж байсан юм. Тэр үед би ганц ч дууны үг бичиж үзээгүй байсан ч тэрхүү уянгалаг хоолойд бүрэн дурлачихсан юм.

Зураг авалт дахин дахин явж, намайг нэг оператор бүр чирсээр эхний эгнээнд авчирсан ч би сэмхэн ухарсаар нэг л мэдэхэд хойгуур л сүүтэгнэж байв. Гэртээ харимаар байдаг. Гэвч Бал эрхлэгчийг гомдчих байх гэж нэлээд тэсэж байж тэр зураг авалтыг дуусгасан. Хожим тэр хоолойг хаана ч сонсоод танидаг болчихсон байв. “Энэ сайхан хоолойны эзнийг л харчих юмсан. Энэ бүсгүйгээр ганц шүлгээ дуу болгоод дуулуулчих юмсан” гэсэн шунал тэр өдрөөс хойш салахаа байсан юм. Гэтэл санамсаргүй Yahoo messenger-ийн найз Пүрэвсүх надтай чаталж байснаа “Надад хэдэн ая байгаа. Чи үг бичээд өгчихгүй биз?” гэж асуув.

Дуучин Ариунаатай “Охин минь битгий уйл”, “Хайрын цэцэрлэг” дуугаа хийгээд удаагүй байсан би Окей л гэлээ. Ингээд Пүрэвсүх надад 7 ая өгөхдөө “Эдгээр дууны захиалагч нь Японд байгаа. Удахгүй ирнэ. Өөрөө их даруу хүн учраас хэн гэдгээ хэлэх дургүй байдаг юм” гэсэн тайлбартайгаар хэдэн ая шидэв. Тэдгээр аяыг сонсож байгаад би “Уулзвар дээр”, “Дурласан цас”, “Бодол”, “Хязгааргүйн цаана” гэх мэт хэдэн шүлэг бичиж өгөв. Нэг л мэдэхэд “Цас хүнд дурлажээ” гээд өгүүллэгээсээ сэдэвлэсэн “Дурласан цас” дуу маань хит болчихсон, нөгөө миний дурласан хоолойны эзэн бүсгүй дууг маань хаа сайгүй уянгалуулж байх болов. Таксинд суусан ч “Охин минь битгий уйл”, “Дурласан цас”, “Би эр хүнд хайртай”, “Чи надаас яваагүй” (Туул) дуунууд маань хангинаж байдаг болов.

“Гайхалтай. Эцэст нь би дурласан хоолойныхоо эзнийг олжээ” гэсэн бахдал төрж байтал нэгэн өдөр зурагтаар “Шүрэн бугуйвч” киноны дууг дуулж байгаа нөгөө гайхалтай хоолойнхоо эзнийг олж харав. “Аан нөгөө хоолойны эзэн энэ бүсгүй байжээ. Миний Дурласан цас-ыг энэ бүсгүй дуулжээ” гэж баярлан бодож зогссон юм. Гэтэл нэгэн өглөө хогоо асгахаар орцныхоо үүдээр гарч явтал “Дурласан цас”-ын дуучин яг зөрж таарав. Би шууд л танилаа. Тэгээд “Хүүе, чи Баярцэцэг үү?” гэхэд “Тийм. Чи хэн бэ?” гэж өнөөх бүсгүй гайхан асуув. “Би “Дурласан цас”-ын үгийг бичсэн хүн байна аа” гэхэд хоёул инээлдэв.

Ингэж л бид танилцсан юм. Тунгалаг горхин мэт гэж миний тодорхойлох дуртай тэр сайхан хоолойны эзэн бид хоёр бүр нэг орцонд амьдардаг гэдгээ тэгэхэд л анх мэдэлцсэн юм. Тэр өдрөөс хойш бид хоёрын уран бүтээлийн халуун нөхөрлөл эхэлсэн ч тийм ч удаан нэг дошин дээр хамт амьдарсангүй. Манай гэр бүл хилийн чанадыг зорьсноор би Баяраагийнхаа эзгүйд загаснуудыг нь хооллож, тавгийнх нь чихэрнээс хэрэгт дуртай Үшлээктээ авч өгөхөө больж, хааяа Баяраадаа номнуудаа өгч уншуулж, банштай цайгаар дайлахаа больсон юм.

Баяраа бид хоёр газарзүйн хувьд ийнхүү гэнэт холдоцгоожээ. Гэвч уран бүтээлийн нөхөрлөл тэр мөчөөс хойш бүр ч тэлж, “Намайг хүлээсэн эх орон”, Наашаа суу”, “Намайг зур”, Тань руу нүүж явна” зэрэг киноны дуунууд өнөөдрийг хүртэл зогсолтгүй төрөн гарсаар л байна. Энэ түүхийг дээр нэр дурдсан хүмүүс төдийгүй Batsukh Bayartsetseg өөрөө ч мэдэхгүй. Одоо уншвал шок болох байх. Гэхдээ миний бичсэн бүхэн үнэн гэдгийг тэд одоо гайхан санаж байгаа даа. Кккк. Миний дурласан гайхалтай хоолойны эзэн Баяраа маань одоо миний хайртай найз төдийгүй миний хайрладаг бас монголчуудынхаа хайртай дуучин болжээ. Хөөрхөн найзтайгаа бүтэн даруулсан ганц зургандаа зориулан энэхүү нууцхан түүхээ дэлгэлээ.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ

 

Эх сурвалж: Зохиогчийн Facebook хуудас

Сайн уу?

Шинэ уран бүтээл, тоглолтын мэдээлэл авахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.
error: Уучлаарай, та хандах эрхгүй байна.

Намайг
дагаарай.

Шинэ уран бүтээл, тоглолтын талаарх мэдээлэл авахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.

Таныг нууцлалыг чанд хадгалах болно.