Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Түүхийн эздийн өөрсдөө ч мэдэхгүй түүх…

Таны сэтгэлд гэрэл гэгээ, өнгө будаг холилдсон тэр л мэдрэмжүүдийг бэлэглэхийн тулд эгшиг аялгуугаа түгээж яваа юм шүү. 

 Бага насны хамгийн нандин мөрөөдөл, амьдралд минь хамгийн тод хүсэл дуучин болох л байсан. Урлагт хайртай, бүх зүйлийг хэнээс ч дутахгүй хийхийг хичээдэг хүүхэд байлаа. Хичээлээ хийнэ, спортоор хичээллэнэ, дуугаа ч дуулна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Орос хүүхдүүдтэй найзлан гүйсээр тэдний дуунд дуртай болсон охин өнөөдрийн Баярцэцэгийг мөрөөдөн явсан.

Уран бүтээл бүхэн минь дотоод мэдрэмжээс бий болж, үнэ цэнээ тодорхойлж байдаг.

Нэгэн цагт тариаланч байсан аавдаа зориулж дуу хийлгэх хүсэлтээ хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ш.Гүрбазар ах нартаа хэлсэн юм. Аавын тухай дууг хэзээ ч тийм уран тансаг байх юм гэж төсөөлж байгаагүй.

Нарны садан аав минь
Тариан дундаа бөртийх
Насны хүсэл нь тэнийж
Тавилан заяа нь урамшина 
хэмээн шүлэглэсэн сайхан уран бүтээл төрөн гарсан.

“Миний аав тариаланч” дуугаа анх дуулж үзэхдээ хөгжмийн зохиолч, яруу найрагч 2 ахыгаа уйлуулаад, хоолойн бичлэгийн үеэр студийн ажилчдыг, дараа нь UBS телевиз дээр клип хийлгэх үедээ орж ирж сонирхсон хүн бүрийг уйлуулж байсан түүхтэй. Аавыг минь сануулах бүх мэдрэмжийг гаргасан учир энэ уран бүтээлдээ дэндүү их хайртай.

Хүний авьяас чадвар үеэс үед дамжин өвлөгддөг. Уртын дуунд дуртай, уртын дууч болох хүсэл дотор минь нуугдан байсан шалтгааныг сүүлд эцэг өвгөдийнхөө түүхийг сонсоод бүрэн ойлгосон юм.

Буурал өвөө минь /эмээгийн аав/ Богд хаант Монгол улсын төрийн дууч, Цогтой гүний хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум) уугуул, жонон туслагч Цэвээн-Очирын Дандардорж хэмээх тайж угсааны, хэл бичгийн өндөр боловсролтой төрийн түшээ төдийгүй, урлагийн өндөр мэдрэмжтэй авьяаслаг хүн байжээ.

Ц.Дандардоржийн Өлзий /СГЗ/ эгч минь бага наснаасаа ардын урлагт шимтэн суралцаж, манай орны нэрт уран уншигчдын нэг, төв халхын анхны туульч эмэгтэй. Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт драмын театрын жүжигчин, Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Үлгэрийн танхимын жүжигчнээр ажиллаж, урлаг соёлын алтан үеийнхний “Эртний сайхан чуулга”-ын гишүүн явсан арвин түүхтэй.

Язгууртан гаралтай төрийн түшээ, саруул ухаант сайхан хүмүүсийн хойч үе болон мэндэлсэндээ туйлын бахархалтай явдаг.

Талархал

Оюуны бүтээлээрээ мялаадаг эрхэм туурвигч нартаа баярлалаа. Та нарынхаа ерөөлөөр Баярцэцэг нь олны хүндлэлд тэтгэгдэж, хөг эгшгээр жигүүрлэн явдаг юм шүү.

Дуу болгоныг минь шимтэн сонсож, дурсамжаа хөглөдөг эрхэм сонсогчдодоо баярлалаа.

Хамгаас эрхэм гэр бүлдээ баярлалаа. Хайраар өсгөсөн аав ээждээ, аз жаргалыг мэдрүүлдэг энхрий охиндоо баярлалаа.

Үргэлж хайрлан, тусалж дэмждэг найз нөхөд, төдийгөөс өдий хүртэл хамтран ажиллаж байсан бүх хамтрагчдадаа баярлалаа.

Бидний уран бүтээл таны амьдралын нэгээхэн хэсэг болж, дурсамж бүхэнд нь мөнхрөн буугаасай гэж хүснэм.

 

Хүндэтгэсэн Б.Баярцэцэг

Бие даасан тоглолт

error: Уучлаарай, та хандах эрхгүй байна.

Намайг
дагаарай.

Шинэ уран бүтээл, тоглолтын талаарх мэдээлэл авахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.

Таныг нууцлалыг чанд хадгалах болно.